Хөдөө гарч хонь хариулъя "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."
Бидний өвөг дээдэс эртнээс нааш сонгож, шилж буусан газар нутгийнхаа газар усыг хөндөлгүйгээр, ухаж төнхөлгүйгээр зохицож аж төрөх аргыг бодож олсон ард түмэн юм. Ингэхдээ, говьд тэмээг, хээр тал нутагт хонь ямааг, хангайд үхэр, адууг өсгөж ашиг шимээр нь аж төрж ирсэн. Таван хушуу мал нь өөрөө өсч үржиж, нөхөн төлждөг мөнхийн амин эх булаг юм. Байгалийн хатуу ширүүн нөхцлийг даван туулах гэхдээ нүүдэл хийж сурсан нь монголчуудыг нүүдэлчин цолтой болгосон. Нэг газар насыг элээх бус нүүж сууж хөдөлгөөнтэй амьдрах энэ амьдралын хэв маягийг өдгөө өрнөдийнхөн ихэд сонирхон судлах болсон билээ.
Иймд бид энэхүү уламжлалт соёл, ахуйг улам бүр дэлгэрүүлэх, таниулах үүднээс энэ хөтөлбөрийг санал болгож байна. Нүүдэлчин малчин хүний амьдралын дунд нь орж байж Та энэ ахуйг бага ч атугай мэдэрнэ. Өөрийн мэдэж, ойлгож авсан тэр зүйлийг бусдад тайлбарлахад ч хялбар болох билээ.
Өглөө 7.30 цагт товлосон газраа уулзаж Элсэн тасархай руу машинаар явна. Малчин Лхагваагийнд ирж өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа орчин тойронтойгоо танилцаад хонио хариулна. Орой ирж хоолоо иднэ. Үдэш хонио хотлуулаад унтаж амарна.
Хот айл:
Монголчуудын хот айл, саахалтаараа хамтран малаа маллах нь бэлчээрийн мал аж ахуйн гол хэлбэр юм. Бог малаа өдөр бүр хариулж, бодоо өдөр залж, шөнө манах буюу хотлуулж хононо. Дөрвөн улирлаар, отроор, ган зудаас зайлах зэрэг хол ойрын олон янзын нүүдэл бол бэлчээр ашиглах үндсэн арга юм.
Өглөө нар мандахтай уралдаж босно. Хонио тууж бэлчээрт гаргана. Хонио хариулж байгаад өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолоо айлдаа ирж идэх эсвэл хоолоо өглөө боолгож авч яваад идэж болно.
Хонь хариулах:
Хөдөө талд бэлчээрт тааваараа идээшлэх хонин сүргийн дэргэд холын барааг ширтэн, уулсын оройг харуулдан, тэнгэрт нүүх үүлс, тэртээд зурайх зам харгуй, элсэн толгодыг ажин суухад их хотын шуугиант амьдрал хэсэгтээ л мартагдаж, сэтгэл тэнийнэ. Хонь тогтсон үед бясалгал хийх, ном унших, юм оёх, аливааг эргэцүүлэх цаг хангалттай гарна. Үдээс хойш Улаанбаатар хот руу буцна.
Та аялалд гарахдаа дараах зүйлсийг бэлтгэж ирээрэй: