Майхантай дугуйн аялалд оролцсон минь
Өглөө болзсон цагтаа биднийг Баянгол зочид буудлын өмнөх талбайд ирэхэд дээрээ уулын дугуйнуудаа ачсан фургон машинуудтай хээрийн аяллын баг биднийг найрсгаар угтан мэндчилж хоорондоо танилцлаа. Тэгээд бид машиндаа сууж хотоос зүүн тийш гарч 2 цаг орчим давхисны эцэст Цонжин Болдог орж Чингис хааны морьт хөшөөний өмнөх талбайд ирлээ. Тэр хавиар ойр зуур алхаж, зураг авч, биеийн чилээгээ гаргаж байх хооронд дугуйн механик Төрөө дугуйнуудаа буулгаж угсраад хүн бүрт тохирсон размертэй Giant XTC загварын дугуйнуудыг зэхэж бэлтгэлээ.
За ингээд хүсэн хүлээсэн дугуйн аялал маань эхэлж тэр хавийн жуулчны бааз ба хувь хүмүүсийн хатгасан хашаатай газраар өнгөрч, удалгүй Туул голын эрэг дагуу байгалийн сайханд үргэлжиллээ. Тал хөндий, аажим өгсүүр уруу газруудаар дугуй унаж эхэлсэн нь гоё бие халаалт болж цаашаа арай өндөр өгсүүр газрыг туулахад асуудалгүй байсан. Өглөө 9 цагаас дугуй унаж эхлээд, 11 цагт хөнгөн цай ууж завсарлаад үргэлжлүүлэн жийж өдөр 13 цагт байгалийн сайханд өдрийн хоол идэх ч бас л гоё мэдрэмж байлаа. Тогооч Ганаа эгчийн гарын хоол үнэхээр гоё байсан даа. Хоолондоо ороод хэсэг амраад цаашаа жийж мал сүрэг багширсан хөдөөний айлуудын зуслангаар дайраад кэмп буух газраа хүрлээ, өнөөдөр бид нар 50 км замыг дугуйгаар туулжээ. Хээрийн кэмп буусан газар гал тогооны бүрэн тоног хэрэгсэлтэй хооллох том асар майхан, душэнд орох майхан, унтах майхан, тэр ч бүү хэл ОО-ын суултууртай хээрийн майхан хүртэл байсан гээч. Тэндээ бууж амраад, хувцасаа солиод, сайхан усанд ороод, тэгээд бараг л хотын төвийн ресторанд иддэг шиг гоё хоол идээд, орой нь сайхан ил гал түлж тойрч суугаад ярьж хөөрч, дуулсаар шөнө дүл болгосон.
Хөдөө гарч ирээд цэвэр агаарт цохиулсан уу, эсвэл эхний өдрийн жийлт арай холдсон уу бүү мэд ямар ч байсан бөх бат гэгч нь нам унтацгаасан байна лээ. За тэгээд маргааш өглөө нь хөдөө талд хөхөө донгодох дуунаар сэрж, өглөөний цайгаа уугаад дугуйгаа унаж амьд ЖИ ПИ ЭС хочит жолооч Жаяа-гийн араас чиглээд жийж гарлаа. Өдрийн хоолны цаг хүртэл 20 км дугуй унаад Улаанбаатар руугаа машиндаа суугаад маарш.... Монгол аялагч клубын зохион байгуулсан дугуйн аялалд хамрагдаж 2 өдөр аялахад үнэхээр сайхан байлаа, баярлалаа.